Захирлын үг
Бэлчээрийн мал аж ахуйн соел иргэншилтэй Монгол Улс глобалчилагдаж буй дэлхийн хөгжилд өөрийн орон зайг бий болгохын тулд уламжлалт МАА-гаа олон улсын дэвшилтэт техник технологид тулгуурлан илүү ашиг шимтэй болгон хөгжүүлж, улмаар олон улсын эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хэмжээнд боловсруулах шаардлагатай бид нүүр тулж байна.
Монгол малын мах өнөөдөр дэлхий дээр буй цэвэр бэлчээрийн, органик төвшиний хамгийн хямд бөгөөд чанартай мах юм. Бид Монгол малын махаа олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд боловсруулж байж нэмүү өртөг шингээж, улмаар малчиддаа илүү их орлого оруулах боломж бүрдэх юм. Монголчууд зөвхөн хоёр хөршийн зах зээлийг харахгүйгээр Ойрх Дорнод, Өмнөд Азийн орнууд руу махны экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол малын тоо 66 сая толгой давсан хэдий ч энэ нь дэлхийн хүн амын өсөлт, хөрш орнуудын махны хэрэгцээний өчүүхэн хэсгийг ч хангаж чадахгүй тул бэлчээрийн малын органик махыг бид илүү үнэ цэнэд хүргэх шаардлагатай байгаа юм.
Тиймээс бид Хөвсгөл аймагтаа олон улсын хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан үйлдвэр байгуулж, Монгол малын махыг илүү үнэ цэнэтэйгээр экпортлох зорилгоор мал эрүүлжүүлж бордох цогцолбор болон мах боловсруулах үйлдвэрийг 2019 оны эхний хагас жилд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Манай хамт олон экспортыг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох чиглэлд орон нутагтаа өөрийн гэсэн хувь нэмэр оруулж, Монгол төдийгүй дэлхийн хэрэглэгчидэд чанартай – эрүүл хүнс нийлүүлэх гэж байгаадаа урам зоригтой ажиллаж байна.
Илүү сайхан маргаашийн төлөө Хамтдаа.
Гүйцэтгэх Захирал
Даваадоржийн СҮХБАТ